Н.Учрал: 5 аймагт 220 мВт-ын нарны цахилгаан станц, 130 мВт-ын хуримтлуур бүтээн байгуулж, 12 дугаар сард ашиглалтад орно
Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Түүний Засгийн газар 100 өдөртөө хүрсэн үр дүнгээ дүгнэн цэгнэж, дараагийн шатандаа хийх ажил, шийдэх асуудлаа зураглан өнөөдөр "100 чөлөөлөлт, 100 хоног" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хувийн хэвшил, иргэд, олон нийтийн төлөөлөл багтсан тус хэлэлцүүлэгт Н.Учрал үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү хэлэлцүүлэгт оролцож, асуулт хариулт өрнүүллээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын гарааны 100 өдөртөө хүрсэн үр дүнгээ дүгнэн цэгнэж, дараагийн шатандаа хийх ажил, шийдэх асуудлаа зураглан хэлэлцэж байна. Зуун өдөрт бүхнийг өөрчлөхгүй боловч дуусаагүй олон яриаг дуусган, хурсан асуудлыг хурдан шийдэж, ажил буцалсан өдрүүд байлаа.
Иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хүн бүхэнд, эрх чөлөөний хүчинд итгэж, хүнд суртлын чөдрийг тайлсан чөлөөлөлтийн эрч хүчтэй гараа байлаа.
Төрийн их баяр наадмынхаа өмнөхөн Оюутолгой төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр өсгөж, 2039 оноос наашгүй байсан ноогдол ашгаа энэ ондоо багтаан авч эхлэх түүхэн тохиролцоонд хүрлээ.
Илүү олон жилийн төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах нийгмийн даатгалын шударга тогтолцооны шинэчлэлийг хуульчлан баталлаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүн бүрд баталгаа болгон суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн зөрүү арилгах, хагас хуримтлалын тогтолцооны шинэчлэл эхэллээ.
Эдийн засгийн эрх чөлөө, татварын хуулийн иж бүрэн багц шинэчлэлээр хөдөлмөрлөж бүтээх хүслийг хясан боосон хүнд суртлын цоожийг нээлээ. Эхний өдрүүдэд 617 хүн талхны цех, үсчин, дугуй, оёдол, гутал засвар, кофе шоп гэх мэт 146 бизнесийг гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэллээ. E-business.mn-д цаасаар биш цахимаар бүртгүүлж, зөвшөөрөл авч цаг, мөнгөө хэмнэж байна. 2,5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой 180 мянга гаруй компани жилд 1 хувийн татвар төлөх, НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох зэрэг татварын чөлөөлөлт ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ.
Энэ бүхэн бол хүнд суртал, авлигын хөрс зангилааг үндсээр нь цэвэрлэн тайлж шударга ёс, технологийн шийдлүүд юм. Гадаадын банк Монголд буйраа засаж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр шимээр зээлийн хүү буулгах холын яриа ойртлоо. Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, 5 аймагт 220 мВт-ын нарны цахилгаан станц, 130 мВт-ын хуримтлуур бүтээн байгуулж, энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно.
Хувийн хэвшил, иргэнийхээ зах зээл, орон зайг булаан эзэлсэн данхар төрийн хэт оролцоог хумьж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн 14 компанийг нэгэн зэрэг татан буулгаж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг санаачлан батлууллаа. Ард түмний өмчийн үнэ цэнийг өсгөж нэмэх, иргэндээ ил тод, нээлттэй засаглал тогтоон засаж залруулах их ажил ийнхүү бодит шатандаа дэвшин орлоо.
Эмч, багш нараа ойлгомжгүй цалингаас, төрийн албан хаагчдаа давхар тайлангаас, баялаг бүтээгчдээ төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөллөө. Зуун өдөрт багтаж хийсэн ажил, хийх ажил бүр их байна. Түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөн, Зэс, Ган боловсруулах, Нүүрс-пиролизын үйлдвэрүүдийн үүдийг нээх, хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах зэрэг “Чөлөөлье” үндэсний санаачилгын дараагийн түрлэг эхэлж байна.
Монголын заяа их. Эрх чөлөөний нар хэн бүрийг ивээх болтугай!