Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн барих 600 Мвт-ын цахилгаан станцад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн барих 600 Мвт-ын цахилгаан станцад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Тус улсын хэд хэдэн компаниас Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэнд баяртай байгаагаа дурдав. 

Элчин сайд Нгуен Дуан Тань “Вьетнам улсын санхүүгийн чадамжтай, олон улсын зах зээлд ажилласан туршлагатай томоохон компаниуд Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байгаа” хэмээн онцоллоо. 

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын хуралдаанаар БНСВУ-ын “ROX Energy” группийн охин компани болох “Ар и Си Эм Жи” ХХК-ийн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн барих 660 МВт-ын цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хэлэлцэн дэмжсэн. Мөн ЭХЗХ-ноос эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг “Ар и Си Эм Жи” ХХК-д олгосноор төслийн бэлтгэл ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Эл төсөлд дээрх компани 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2029-2030 онд үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Ингэснээр төвийн болон зүүн, говийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах зангилаа эх үүсвэр болох стратегийн ач холбогдолтой.

Ялангуяа говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй томоохон нүүрсний уурхай, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэх юм. Тус станцыг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн дэргэд барьснаар түлш тээвэрлэлтийн зардлыг бууруулж, жилд 4683 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд 200 ажлын байр бий болох тооцоо гарсан.

Уг төслийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний яам, “Шивээ-Овоо” ХК болон “Ар и Си Эм Жи” ХХК хооронд гурван сая тонн нүүрс нийлүүлэх санамж бичгийг 2026 оны гуравдугаар сард байгуулаад буй юм. О

доогоор төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ЭХЗХ, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлцэл хийж байна. Эл төслийн талаар Элчин сайд Нгуен Дуан Тань “Амжилттай хэрэгжүүлж чадвал Вьетнамын бусад хөрөнгө оруулагчийн итгэл нэмэгдэнэ гэж харж байна. Бүс нутгийн хэмжээнд тоглогч болох Монгол Улс зорилтыг дэмжинэ. Хоёр улсын эрчим хүчний салбар улам илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэв. Уулзалтын төгсгөлд талууд бүхий л шатны төслүүдийг хэрэгжүүлж, туршлага солилцох, хамтран ажиллахад санал нэгдлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.