Уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарыг ногоон эрчим хүчээр хангах шаардлагыг ТЭЗҮ болон бусад бичиг баримтад тусгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “ногоон тогтоол” буюу түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тогтоолын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Бид уламжлалт түлш, эрчим хүчний хараат байдлаасаа ангижирч ногоон чиглэлд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн юм.
Түүний хэлснээр ногоон чиглэл рүү орсон өөрчлөлтийн тогтоол батлагдсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшнээс аж үйлдвэрийн түвшинд дэмжих бодлогын хэрэгжилт явагдах юм байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байх үедээ өнгөрсөн оны төгсгөөлд 119 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна.
Тогтоолын хүрээнд гэр, амины орон сууцны халаалтын шийдэл, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан цахилгаан дулаан хангамж үүний хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, татварын хөнгөлөлт зэрэг асуудлыг шийдэх аж.
Мөн цахилгаан автомашин болон сайжруулсан цахилгаан автомашинуудыг ногоон ангилалд оруулж ногоон зээлийн санхүүжилтэд хамруулахаар шийдвэрлээд байна. Үүний зэрэгцээ уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарыг ногоон эрчим хүчээр хангах шаардлагыг ТЭЗҮ болон бусад шаардагдах бичиг баримтад оруулах өөрчлөлтүүдийг оруулж байгааг салбарын сайд Г.Дамдинням яриандаа дурдлаа.