Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллалаа (2026.04.17)
Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэлийг хавар, зуны цагт хангалттай хийж, ирэх өвлийг гал алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн салбарын сайдын зүгээс танилцуулсан дараах тулгамдсан асуудлуудаар Засгийн газраас дараах бодлогын шийдвэр гаргаж ажиллахаа мэдэгдлээ.

ҮНЭ ТАРИФ
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамт үүсгэхгүйгээр үе шаттай шинэчилнэ. Инфляци, түлш, валютын ханшид уялдсан тогтолцоонд шилжүүлж, бодит өртөгт ойртуулна.

ИХ ЗАСВАР
Одоо ажиллаж буй станцуудын их засвар, техник шинэчлэлийг бүрэн хийж, ДЦС-4 шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр системийн найдвартай ажиллагааг хангахаар боллоо. Уг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.

ӨР ТӨЛБӨР
Эрчим хүчний компаниуд хуримтлагдсан өр төлбөрөө 2026-2028 онд барагдуулж, зээлийн нөхцлөө хэвийн болгоно. Ингэснээр 2029 оноос салбар өөрөө улсын татаасгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

ШИНЭ ЭХ ҮҮСВЭР
Шинэ цахилгаан, дулааны эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг шуурхай чөлөөлснөөр төвийн бүсийн дамжуулах түгээх сүлжээний хүчин чадлыг 2000 МВт-аар нэмэгдүүлнэ.

ИЛ ТОД ЗАСАГЛАЛ
Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглал, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг эрс дээшлүүлж, хөрөнгө оруулалт татахуйц үр ашигтай, нээлттэй тогтолцоонд шилжүүлнэ.