Багануурын уурхайд гал гарч, их хэмжээний ноцтой хохирол учруулжээ
13 Цагийн өмнө
448
Багануурын уурхайд гал гарч, их хэмжээний ноцтой хохирол учруулжээ

"Багануур" ХК-д галын аюулгүй байдлын бэлэн байдал алдагдсантай холбоотой ноцтой осол гарч, уулын тоног төхөөрөмж шатаж их хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын дэмжлэгээр "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Т.Отгонболд нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хэмээн орон тооны цомхотгол хийсэн нь тус компанийн галын аюулгүй байдлын бэлэн байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал үүссэн байна.

Түүний шийдвэрээр улсын онцгой объектод зайлшгүй байх ёстой галын тасгийн орон тоог цөөлж, ээлжийн бэлэн байдалд ажилладаг мэргэжлийн гал сөнөөгчдийг 2026 оны гуравдугаар сараас эхлэн ажиллуулахгүй болсон байна. Гэтэл 2026 оны гуравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд компанийн нутаг дэвсгэрт томоохон хэмжээний гал гарч, зам талбайн тоног төхөөрөмж болох бульдозер шатаж, их хэмжээний хохирол учирсан ноцтой тохиолдол гарчээ.

Гал гарсан даруйд дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн боловч гал сөнөөгчид 40 орчим минутын дараа ирсэн бөгөөд тухайн үед тоног төхөөрөмж бүрэн шатаж дууссан байсан байна. Энэхүү нөхцөл байдал нь компанийн дотоод галын тасгийн орон тоог цомхотгож, мэргэжлийн гал сөнөөгчдийг ажиллуулахгүй болгосон шийдвэртэй шууд холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Улмаар галын аюулгүй байдлын бэлэн байдал алдагдаж, шуурхай хариу арга хэмжээ авах боломж хязгаарлагдсан нь илэрхий болжээ. Иймд уг асуудал нь хүний амь нас, эрүүл мэнд, байгууллагын өмч хөрөнгөнд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг нэн даруй анхааралдаа авах шаардлагатай байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.