Барилгын дулаалгын материалын чанар, стандартад өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгахаар санал солилцжээ
6 Цагийн өмнө
56
Барилгын дулаалгын материалын чанар, стандартад өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгахаар санал солилцжээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Тэгвэл хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэх, барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах зорилгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
 
Уулзалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилга материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнэ, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг оролцлоо.
 
Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогдсон.
 
Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.
 
Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 30 барилгын фасадтай холбоотой галын дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ. Иймд цаашид барилгын дулаалгын материалын чанар, стандартад хэрхэн өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгах, барилгын үнийн хөөргөдлөөс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.