Муу зээлийг цэгцлэх хувилбар буюу актив удирдлагын тогтолцоо
Муу зээлийг цэгцлэх хувилбар буюу актив удирдлагын тогтолцоо

2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд "актив удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэж орж ирлээ. Энэ нь удаа дараа яригдаж байсан сэдэв. "Нийгмийн захиалга" гэвэл илүүтэй онох. Зах зээлд дутагдаж буй орон зай. Хэрэгцээ нь байгаа. Хамгийн эрчимтэй гэвэл 2019 онд актив удирдлагын компани байгуулах, энэ компани ажиллах эрх зүйн орчныг УИХ-ын түвшинд идэвхтэй хэлэлцэж байлаа. Ажлын хэсэг нь бүрдсэн, ажил нь эхэлсэн байлаа. 2020 оны сонгууль ойртож байсан тул ажлын хэсгийн эрч аажмаар суларсан. Тухайн үед хөдөлсөн бүхэн нь урагшилж амжилгүй зогссон. Тэр олон ажил, санаачилгын нэг нь актив удирдлагын эрх зүйн орчин байсан юм. Чанаргүй актив нь банкны хямралын шалтгаан болдог. Тиймээс төв банк мөнгөний бодлогын төсөлд эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулсан хэрэг. 

Актив удирдлагын мэргэшсэн институци нь ажиллах юм бол чанаргүй зээлийг цэгцлэх юм. Банкны баланс дээр олон жил бичигдэж байгаа муу зээлийг дахин эдийн засгийн эргэлтэд хөрвүүлж, үр дүнд нь зээл олголт нэмэгдэх, алсдаа хүү буурах, банкууд чанаргүй зээлээ цэвэрлэж авна гэсэн үг. Чанаргүй зээлийг чанартай болгож, мөнгөний түгжээг арилгана гэсэн үг.  Эдгээр нь улс орнуудад түгээмэл байдаг л арга туршлага, үйл явц. Манайх л хожуу нэвтрүүлэхээр зүтгүүлж, 2026 оны мөнгөний бодлогын төсөлд ийнхүү тусгасан байна. Гэхдээ "Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчны судалгаа хийнэ" гэдгээс өөр илүү дутуу юм алга. 

Чанаргүй активыг хэрхэн зохистой удирдах арга механизм бол актив удирдлагын компани юм. 

Банк давамгайлсан санхүүгийн зах зээлд актив удирдлагын компани хууль эрх зүйн орчин өнөөдрийг хүртэл бүрдээгүй. Бүрдээгүй учраас чанаргүй зээл банк, санхүүгийн салбарт "шүдний өвчин" болсон. Үүнийг эмчлэх аргуудын нэг нь актив удирдлагын институци юм. Зээлдэгч, зээлдүүлэгчийн маргаан хамгийн уртдаа 8-9 жил үргэлжилж, дуусдаггүй маргаан сунжирдаг. Мөнгө бол цаг хугацааны тоолуур. Тиймээс олон жил зээлийн маргаан үргэлжлэх тусмаа үүсэх сөрөг үр дагавар, хохирол нь их. Тиймээс чанаргүй зээлтэй хөөцөлдөх, түүний маргааныг санхүүгийн зуучлалаар шийдэх хувилбар нь актив удирдлагын институци юм. Банкнаас олгосон зээлийн мөнгө хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө. Түүнийг л банк эргэлдүүлэх замаар үйл ажиллагаа нь оршдог. 

2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд "Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ" гэж тодоор тэмдэглэсэн. Энэхүү шинэтгэл нь актив удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд зорих юм байна. Эрх зүйн шинэтгэл нь "хөгжлийн түгээмэл хандлага, олон улсын сайн туршлага"-д тулгуурлах аж. Эдгээр үг өгүүлбэр ирэх жилийн мөнгөний бодлогын төсөлд бий. Тэндээс эшлэв. Чанаргүй зээл бол банкны хямралын зардал. Тиймээс алхам тутамд нь хазаарлах, хязгаарлах үндэслэл юм. Муу актив /чанаргүй зээл/ удирдах, түүнийг цэвэрлэх ажиллагаа урт хугацааны хичээл зүтгэл, сахилга бат шаарддаг. Зүүн Азийн орнуудын жишээнээс харахад банкны чанаргүй зээл/ хөрөнгийг актив удирдлагын компани руу шилжүүлэх, компани түүнийг санхүүгийн бүтээгдэхүүн болгон хувиргах үйл явц нь  эрх зүйн орчны олон саад бэрхшээлтэй тулсан байдаг. Тиймээс эрх зүйн орчны шинэтгэл их ажлын эхлэл аж. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.