Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байрны эрэлт нэмэгдэнэ
14 Цагийн өмнө
139
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байрны эрэлт нэмэгдэнэ

Дэлхийн эдийн засгийн форумаас “Ирээдүйн ажлын тайлан 2025”-г энэ оны 4-дүгээр сард танилцуулсан билээ. Энэхүү тайланг 800 гаруй компани, 27 салбарын 14 сая ажилтны мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд ойрын таван жилд аль мэргэжил хамгийн эрэлттэй байх, аль нь устах эрсдэлтэй болохыг тодорхойлжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 170 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй ба автоматжуулалт, технологийн дэвшлийн нөлөөгөөр 92 сая ажлын байр устах эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. 

Дэлхийн нийт ажилтнуудын 40 гаруй хувь нь ур чадвараа шинэчлэх, дахин суралцах шаардлагатай болохыг дээрх тайланд онцолжээ.

Ногоон шилжилтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахтай холбоотой салбаруудад одоогоор харьцангуй цөөн ажилтан ажиллаж байгаа хэдий ч ойрын ирээдүйд эдгээр салбарууд хурдацтай тэлж, ажлын байрны эрэлт эрс нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтууд, ногоон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай шууд холбоотой аж. Тухайлбал, дараах мэргэжлүүд ирэх жилүүдэд хамгийн эрэлттэйд тооцогдож байна.

-Сэргээгдэх эрчим хүчний инженер

-Нарны эрчим хүчний системийн суурилуулагч

-Эрчим хүчний системийн инженер,

-Ногоон барилгын мэргэжилтэн,

-Байгаль орчны хяналт-шинжилгээний ажилтан гэх мэт.

Цар тахлын дараах үеэс дэлхий даяар ногоон эдийн засгийн шилжилтэд зориулан 1.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үр дүнд нь 2030 гэхэд 30 сая орчим ногоон ажлын байр шинээр бий болно гэсэн тооцооллыг олон улсын байгууллагууд гаргаад байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.