Лондоны металлын биржийн гишүүн "Ачит-Ихт" компани нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд онцгой анхаарч буй. Тус компани нь Эрдэнэт үйлдвэрийн бага агуулгатай овоолгыг ашиглан гедрометаллургийн технологийн аргаар катодын зэс үйлдвэрлэж экспортолдог. Гедрометаллурги нь ядуу агуулга бүхий исэлдсэн хүдрийг уусган баяжуулах замаар боловсруулж 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэх технологи юм.
Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Ачит Ихт" компани нь байгалийн баялгийг сорчлолгүйгээр бүрэн дүүрэн ашиглахыг зорьж ирсэн. Өдгөө Орхон аймагт 200 гаруй тогтвортой ажлын байр бий болгож, боловсруулах хүнд аж үйлдвэрийг төр, хувийн хэвшилд жишиг болохуйц байдлаар хөгжүүлж буй.
Аливаа нэгэн компани, аж ахуйн нэгж Лондоны металлын биржийн гишүүн байхад тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хүний эрхийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Сүүлийн жилүүдэд уг үүрэг, хариуцлага улам нэмэгдэж, шаардлага өндөрсөж байгаа. Тэгвэл "Ачит Ихт" компани хоёр жилийн өмнөөс сэргээгдэх хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад онцгой анхаарч эхэлсэн байдаг.
Учир нь манай улс цахилгаан эрчим хүчний хомсдолтой нүүр тулах нь ихээхэн тодорхой болж, эрчим хүчний хараат байдал тэр хэрээр нэмэгдсэн. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт анхаарал хандуулж, судалгаа шинжилгээг дор бүрнээ эхлүүлэх болсон. Хувийн хэвшлийн санаачилга гэсэн үг. Нөхцөл байдал хүндэрч байгаа нь гэнэт цахилгаан хязгаарлах, хүчдэл бууруулах зэргээр илэрч, эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийн томоохон сорилт бэрхшээл болж буй.
"Ачит Ихт" компанийн хувьд Лондоны металлын биржийн босго шаардлагаас гадна улсын цахилгаан эрчим хүчний системд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нар, салхины эрчим хүчийг ашиглах, үйлдвэрлэлийн найдвартай байдлыг хэвийн хангахын тулд тодорхой хэмжээний цахилгаан хангамжийн эх үүсвэртэй байх талаар судалж, гарц гаргалгаа хайж эхэлж.
Өнөөдөр оргил ачааллын үед эрчим хүчний хязгаарлалт үе, үе байнга хийгддэг болсон төдийгүй хэрэглээгээ тана гэж аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс анхааруулж, шаардах нь улам түгээмэл болж байгаа. Энэ байдал нь 24 цагийн байнгын үйл ажиллагаатай үйлдвэрийн бүтээмж, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж таарна. Тиймээс цахилгаан эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх эрэл хайгуул идэвхжиж, нар болон батерей хосолсон байдлаар эрчим хүч гарган авахаар "Ачит Ихт" компани ажиллаж байна.
"Ачит Ихт" компани нь үйлдвэрийн оффисын шаардлагатай цахилгаан эрчим хүчээ нарны эрчим хүчээр хангаж байсан нь амжилттай туршилт болж, улмаар үйлдвэрлэлийн найдвартай байдлыг хангахын тулд дээрх төслийг хэрэгжүүлэхээр шамджээ. Нартай хосолсон батерей системийг төвлөж, үйлдвэрийн хэрэглээний 50 хувийг хангах төсөл бүхий санаачилга бодит ажил болоход газрын зөвшөөрөл хүлээгдэж байгаа юм. Бусад шаардлагатай тоног төхөөрөмжөө тус компани татан төвлөрүүлж, газрын асуудлаа шийдчихвэл бүтээн байгуулалт руу шилжих цаг мөч ойрхон иржээ. Үндэсний аж ахуйн нэгжүүд, тэр тусмаа уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг өөрсдийн үйл ажиллагаагаар нотлон харуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дайчлах, ашиглах хэрэглээ ийнхүү тэлж, нэмэгдэж байна.