“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 

“Эрчим хүч-3 төсөл”-өөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм. Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм. 2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөн сайжруулах “Эрчим хүч-3 төсөл” Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд шууд нөлөө байхгүй гэдгийг тодотгож, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэх, өргөтгөхөд нийт 2.0 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарсан болон нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас ажил удаашралтай явагдаж байгааг тэрбээр онцолсон юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.