Байдал хэцүүдлээ
Байдал хэцүүдлээ

Эрчим хүчний салбарт аюултай нөхцөл байдал үүсэж, Улаанбаатар хот хөлдөх эрсдэлд уналаа. Үл хайхарч ирсэн эрчим хүчний систем доголдож, зуны цагаар цахилгаан хязгаарлаж эхэллээ. Энэ нь байдал хэцүүдсэн дохио юм. Эрчим хүчний хараат байдлаас гарч чадаагүй манай улс ирэх өвлийг яаж даван туулах вэ. Дулааны гуравдугаар цахилгаан станцын хүний амь насаар хэмжигдсэн осол нөхцөл байдал хэрхэн хүндэрч, маш ноцтой түвшинд хүрсний нэг илрэл юм.

Манай улс өвлийн 11,12, 1 дүгээр саруудад оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдалд ордог. Эрчим хүчний хэрэглээ жил тутам нэмэгдэж, оргил ачаалал жилд дунджаар 10 гаруй хувиар өсөж байгаа. Шинэ эх үүсвэр байхгүй. Гэтэл ачаа үүрэлцэх Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн нь Улаанбаатарыг бүхэлд нь ирэх өвөл түгшүүрт автуулах хэмжээний аюул юм.

Эрчим хүчний салбар өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр орхигдож ирсэн. Үе үеийн Засгийн газар эрчим хүчний асуудалд "нүдэн балай, чихэн дүлий" явж, өнөөдрийн түвшинд хүргэсэн. Улстөрчид нь тоож шахам хараагүй тус салбарт төр дангаар эзэн суун тоглож, хувийн хэвшлийн орон зайг хумьж, шинэ эх үүсвэр бүхий төслүүд гацаж, зах зээлийн эрх чөлөөг хязгаарласан нь илүүтэй. Үүнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон болон Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд нар буруутай юм. Тэр тусмаа эрчим хүчний салбар хариуцсан сайд нараас ам асуух цаг иржээ. Тэдний эс үйлдэл, хувийн явцуу эрх ашгаас болж улсаараа өнөө хөлдөх эрсдэл рүү хөл алдлаа. 

Цахилгаан, дулаан бүхний үндэс, аврал. Гэтэл амин чухал эрчим хүчний салбараа монголчилж, зүтгүүлсээр өнөөдөр хүний амь нас, татвар төлөгчдийн мөнгөөр давхар давхар хохирч, нийгэм, эдийн засгийн маш том гарз тохиолоо. Байдал хэцүүдэж, олж авсан 30 жилийн ололт, амжилтаа алдах хэмжээнд Монгол Улс тулж ирсэн байна. Төрөөс "Эрчим хүчний салбарт баримтлах бодлого"-оор бид өнөөдөр эрчим хүчний 20 хувийн нөөцтэй байх ёстой. Гэтэл нөөц бус дутагдалд улам гүн орж, цаашилбал хөлдөх аюул руу Улаанбаатарчууд алхам алхмаар ойртлоо. 

Орон сууцны цонхоор яндан ёрдож, түүгээр нь утаа суунаглах ийм эрсдэл хол биш байна. "ТЭЦ-5" төсөл яригдаад олон оныг элээж буй. Энэ төслийн түүхээр эрчим хүчний салбарт үнэлэлт дүгнэлт өгч болохоор. Уг төслийг манай үе үеийн сайд, дарга нар хорь шахам жил тасралтгүй сайхан ярьж, "ТЭЦ-5" нүдэн дээр ярайтал сүндэрлэж, улсаараа эрчим хүчний дөнгөнөөс /хараат байдлаас/ бүрэн мултрах юм гэж тууз хайчилж, эсвэл сүржин хэвлэлийн хурал хийсэн нь олон. 

"ТЭЦ-5" энэ мэт байдлаар олон сонгуулийн лоозон болж, эрх баригч намуудын /МАН, АН/ мөрийн хөтөлбөр болж үрэгдсэн. Уг төслийг сонирхож байсан хөрөнгө оруулагчид өнөө үргэн дайжиж, өөр орны эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулж, одоо үр шимээ талууд хүртээд эхэлчихсэн явна. Харин манай улс ирэх өвөл яаж хөлдөхгүй байх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй боллоо.

Амин чухал хэрэгцээгээ алдах аюул нөмөрч байхад наадам найр, айраг, хуушуур, 100 жил  гэж Засгийн газрын ажил цалгарддаг, сайд нар болон холбогдох албаныхан бараа сураггүй арилж оддог урьдын үе өнгөрлөө. Эрчим хүчний салбар аваарын түвшинд ирлээ. Тус систем дараах долоон шалгуурыг хангаж байх учиртай. Үүнд, Найдвартай ажиллагаа, Тогтвортой ажиллагаа, Аюулгүй байдал, Аваар осолгүй, Эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөлийг хангах, Байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй байх,  Эрчим хүчний систем өөрөө өөрийгөө өдөөдөг, нөхдөг, хасдаг, өөрөө өөрийгөө тогтвортой ханган ажиллах, амьд байх чадамжтай байх ёстой гэж үздэг. Эдгээр шалгуур алдагдаж, систем бүхэлдээ нурах эрсдэл биежиж байна. 

Хүн ам өсөж, эдийн засаг тэлэх хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, төдийчинээгээр илүү их эрчим хүч ашиглах шаардлагатай болдог. Хүмүүс тав тухтай орчин нөхцөлийг эрэлхийлж, орон сууц олноор баригдаж, тэнд цахилгаан, дулаан хүрдэг. Эрчим хүч хөгжлийг тодорхойлж, хөгжил эрчим хүчээр тэжээгдэж байдаг.

Манай эрчим хүчний 90 гаруй хувийг ДЦС-ууд үйлдвэрлэж байгаа. Эндээс манай улсын эрчим хүчний эх үүсвэрүүд төрөлжиж амжаагүй буюу хөгжүүлж чадаагүй нь харагдаж байгаа юм. ДЦС-ууд доголдлоо гэхэд л нийтээрээ хөлдөх эрсдэлд шууд унаж байна. Бид ийм эмзэг эрчим хүчний эх үүсвэртэй гэдгийг таньж мэдэх цаг ирсэн байна. 

Эрчим хүчний салбар их эрсдэл рүү явж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.