Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ны орон тооны бус зохицуулагчийг шинээр томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 90 дүгээр захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, "Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо"-ны саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны Орон тооны бус зохицуулагчаар Базаррагчаагийн Энхжаргалыг хоёр жилийн хугацаатай томиллоо.
Эрчим хүчний зохицуулах хорооны Шинээр томилогдсон зохицуулагч Б.Энхжаргал нь 2003 онд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, 2013 онд Удирдлагын академид тус тус суралцаж төгссөн, эрчим хүчний салбарт 21 дэх жилдээ ажиллаж буй МУ-ын Зөвлөх инженер, Эрчим хүчний аудитор юм.
Тэрээр 2003-2010 онд “ДЦС-4” ТӨХК-д тохируулгын засварчин, турбин тоноглолын машинч, 2010-2015 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд эрчим хүч хариуцсан мэргэжилтэн, шинжээч, 2015-2024 онд Эрчим хүчний зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2024 оны 12 дугаар сараас Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны Ажлын албаны ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.