Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон зохион байгуулдаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Хойд бүс буюу Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирэх сарын 12, 13-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.
Чуулга, уулзалтад Хойд бүсэд хамаарагдах Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.
Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах юм. Арга хэмжээг санхүүжүүлэгч, дэмжигч байгууллагаар Платинум Ланд ХХК, Хургатай хайрхан, Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл ажиллаж байна.