Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний санхүүжилт болон худалдан авалт, парк шинэчлэлийн талаар санал солилцлоо
11 Цагийн өмнө
105
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний санхүүжилт болон худалдан авалт, парк шинэчлэлийн талаар санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.
 
 Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.
 
Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна. Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавив.
 
Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.