Монгол Улсын уул уурхайн салбарын өргөн цар хүрээг хамардаг хамгийн том арга хэмжээний нэг бол “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн. Тус үзэсгэлэн энэ жил уламжлал ёсоор 15 дахь удаагаа Буян-Ухаа цогцолборт эхэллээ. Олон талын төлөөллийг нэгэн дээвэр дор авчирсан энэхүү үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш /2026.04.15-17/ зохион байгуулагдах юм. Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцож, салбарын эрх зүйн орчны шинэчлэл, 2025 оны ололт амжилтыг тодотгоод хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй машин механизм, шинэ технологи, ноу хау чухал гэдгийг онцолсон юм.
Уул уурхайн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан түншлэх, хамтран ажиллах, олборлолтоос боловсруулалт руу шилжих, хөрөнгө оруулалт татах, салбарын өнөөгийн хөгжлийг ахиулах, харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгоход Mongolia Mining олон улсын үзэсгэлэн түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж АҮЭБ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нэмж тодотгосон юм.
“Mongolia Mining” үзэсгэлэн нь уул уурхайн салбарт олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэнгийн соёлыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдийг нэг дор холбох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор эхэлсэн бөгөөд өнөөдөр бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжин хөгжөөд байгаа.
Энэ удаагийн үзэсгэлэн “Ирээдүйг нээе-Инноваци, Тогтвортой Хөгжил” (Mining the Future: Innovation and Sustainability) уриан дор болох бөгөөд дэвшилтэт технологи, автоматжуулалт, дижитал шийдлүүдийг ашиглан илүү ухаалаг, илүү үр ашигтай, илүү тогтвортой уурхайг хөгжүүлэхэд чиглэж байна.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө өндөр. Тодруулбал, ДНБ-ий 26 хувь, экспортын нийт орлогын 95 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, төсвийн орлогын 28.4 хувийг эрдэс баялгийн салбар дангаар бүрдүүлж байна.
Mongolia Mining үзэсгэлэнг уул уурхайн хамтын ажиллагааны Майнэкс Монголиа ХХК болон үзэсгэлэн, эвент зохион байгуулагч Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, олон улсын элчин сайдын яамд болон гадаадын түнш байгууллагууд дэмжин ажиллаж байна.
“Mongolia Mining 2026” үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарыг дэлхийн зах зээлтэй холбох чухал платформ болж байгаагаараа онцлог бөгөөд энэ жил Австрали, Канад, БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Их Британи, Энэтхэг, Турк, Беларусь, Австри, Финланд, Казакстан, БНСУ зэрэг дэлхийн 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, инновац, шийдлүүдийг танилцуулж байна. Үзэсгэлэнд дотоод, гадаадын нийт 250 гаруй компани оролцож байгааг дуулгая.
Олон улсын үйлдвэрлэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, үйлчилгээ үзүүлэгчид нэг дор цугларснаар Монголын зах зээлд дэлхийн шилдэг туршлага, дэвшилтэт технологийг шууд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломж бүрдэж байна.
Мөн гадаадын томоохон хөрөнгө оруулагчид үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн төслүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны шинэ гарц, боломжийг эрэлхийлэхээр зорин ирж байгаа нь энэхүү арга хэмжээний олон улсын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
“Mongolia Mining бол зөвхөн үзэсгэлэн биш, Монголын уул уурхайн ирээдүйг тодорхойлох стратегийн уулзалтын талбар юм”
Тус үзэсгэлэн нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах талбар бус, бодит бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгодог цогц платформ юм. Энэ жилийн онцлог нь B2B бизнес уулзалтыг илүү дижитал системд суурилуулж, оролцогчид уулзалтаа урьдчилан товлох, зорилтот түншүүдтэйгээ үр дүнтэй холбогдох, улмаар бодит гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлж байгаад оршиж байна. Үүнээс гадна уул уурхайн салбарын инженер, геологич, тэсэлгээчин, өрөмдлөгийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар, мэргэжлийн холбоодын хурлууд зохион байгуулагдаж, мэдлэг туршлага солилцох, шинэ мэдээлэл авах, харилцаа холбоогоо өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлнэ.
“Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр Mining.mn ажиллаж байна.


“Инноваци, тогтвортой хөгжил нь уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох стратегийн суурь хүчин зүйлс юм”

Өнөөдөр Монголын уул уурхайн салбар хариуцлагатай олборлолт, байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, ESG зарчимд тулгуурлан хөгжиж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.
