УИХ-ын дарга Н.Учралын онцлох эшлэлүүд
10 Цагийн өмнө
173
УИХ-ын дарга Н.Учралын онцлох эшлэлүүд
Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ...

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) нээлтээ хийлээ. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Учрал үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс дараах эшлэлүүдийг онцолж байна. 

  • Төсвийн орлого ч, зарлага ч экспорт, нүүрсний экспортоо даган тэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тогтвортой нэмэгдэж 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрсэн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгдсэн. Харин 2025 онд анх удаа 31.3 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй зөв бодлого юм.

    Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд төгрөгт хүрч, улмаар “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг төсвийн бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа хоёр дахин нэмэгдсэн байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсан байдаг. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, урсгал зардлыг хуулиар тогтоосон байдлыг өөрчилж байж, төсвийн дорвитой өөрчлөлт хийж чадахыг хууль тогтоогчид бид анхаарах хэрэгтэй.

  • Аймаг, сумандаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө ахиу үлдээвэл хамгийн их хэрэгцээ шаардлагатай, бүх хүнд илүү өгөөжтэй, хүртээмжтэй, хурж овоорсон, хүсэл хүлээлт дагуулсан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байна. Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ.
  • parlament_2603162Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал хөрөнгө оруулалт саарч, эдийн засгийн орчинд “сүүдрээ” тусгаж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн эрэлт, үнэ буурахад хүргэж мэдэхээр байна.
  • Тухайлбал, стратегийн бүтээгдэхүүн болох түлш шатахууны 3-6 сарын хэрэгцээгээ үүцлэн нөөцлөх, нэг улсын хамаарлыг бололцооныхоо хэрээр багасгах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хурд нэмэхэд онцлон анхаарч ажиллахаас өөр арга байхгүй.

  • Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөцөө ашиглан, нарны илч, салхины хүчийг хүртэл журамлан хясаж, өөрсдийнхөө гэрэл гэгээг хааж, тушсан гацаанаас өөрсдийгөө чөлөөлөх нь эрсдэлийг дунд хугацаанд бууруулахын төлөө хийх ажил, шийдэх асуудал болоод байна.

  • Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна.

  • Экспорт 2026 оны нэгдүгээр сард 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна.

  • Улсын Их Хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэт оролцооны буруу зуршлыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих, иргэнээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаас чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя.

  • Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Нийтийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинэчилж, хөрөнгө оруулалтад тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, өөрийнхөө хөлс, хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэй хэн бүхэн хүсэж байгааг анхааран авч үзэх ёстой.

  •  Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгийн ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. 
  • parlament_2603165 Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан, нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм. 
  • “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар хойшилж, 182 орноос 124 дүгээр байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантай гэдгээ мартах учиргүй. Өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдан маргалдаад юуг ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчлөх болно. Үүнд олон шалтгаан бий ч онцлон авч үзвэл,

Байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, шийдвэр гаргах үйл явц ил тод бус, хариуцлага хангалтгүй байна.

  • Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, гэнэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө, зорилтыг нь нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчихээд хөөж явуулдаггүй байхыг хуульчлан, хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж, дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг урин дуудах үндэс суурь юм. Иймд хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдэд ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.