Д.Нарансүх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн чухал хэсэг нь хууль эрх зүйн шинэчлэл
16 Цагийн өмнө
102
Д.Нарансүх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн чухал хэсэг нь хууль эрх зүйн шинэчлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2025 онд хийгдсэн ажлын талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхтэй ярилцлаа.

-Хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2025 онд салбарын хэмжээнд ямар ажлууд хийгдэв?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг 2025–2028 онд хэрэгжүүлэх гурван үе шаттай төлөвлөгөө батлагдсан. Үүний нэг чухал хэсэг нь хууль эрх зүйн шинэчлэл юм.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2025 оны нэгдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан.

Хуулийн төслийн анхны шинэчилсэн найруулгын төсөл 2025 оны тавдугаар сард бэлэн болсон. Төсөл боловсруулах явц болох 4-5-р сард мөн өнгөрсөн жилийн турш нийт 20 гаруй удаагийн олон нийтийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын байгууллагууд, мэргэжилтнүүдийн саналыг тусгасан.

-Хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго юу вэ?

-Гол зорилго нь хуулийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, стандартад нийцүүлэх, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх юм. Шинэчилсэн найруулгаар төр, ажил олгогч, ажилтан, хувийн хэвшлийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоонд суурилсан, урьдчилан сэргийлэлтэд чиглсэн үндэсний тогтолцоо бүрдэх боломж бүрдэнэ. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага” гэсэн тусгай бүлэгт хязгаарлагдмал орчин, өндрийн ажил, биологийн гаралтай хүчин зүйл, нийгэм-сэтгэл зүйн эрсдэл, эргономикийн хүчин зүйлс зэрэг ажлын байрны эрсдэлтэй хүчин зүйлсийг зохицуулах нарийвчилсан заалтууд орсон.

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой ямар өөрчлөлтүүд тусгагдсан бэ?

-Шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэлт, эрт оношилгоог дэмжих зорилтууд тусгагдсан. Хуулийн төслийн 42–44, 53 дугаар зүйлд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх асуудлыг зохицуулж өгсөн.

-Даатгалын асуудлыг хэрхэн шинэчилж байгаа вэ?

-Одоогоор манайд хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн зохицуулалтаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалыг ажил эрхэлж байгаа бүх хүн төлдөг. Энэ даатгалыг ажил олгогч нь ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлдөг. Мөн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтны хувьд амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгал төлөх. Хуулийн шинэчилсэн найруулгын  төсөлд энэ хоёр даатгалын давхардал, хийдлийг арилгах, эрсдэлд суурилсан зарчим даатгалыг шилжүүлэх, даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээний хүрээг тодорхой болгох заалтууд орсон. Тухайлбал, үйлдвэрлэлийн осол, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмчилгээ, сэргээн засах зардлын тодорхой хэсгийг даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэх боломж бүрдэнэ.

Манай улсад 400 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч бий. Хуулийн 38 дугаар зүйлд хувиараа хөдөлмөр эрхлэгч нь нэг аж ахуйн нэгжийн захиалгаар ажиллаж байгаа тохиолдолд тухайн ерөнхий гүйцэтгэгч, захиалагч байгууллагаас аюулгүй ажиллагаанд шаардлагатай зардлыг хариуцах зохицуулалтыг тусгасан. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхлэгч 400 мянга гаруй хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл юм. 

Мөн мэргэжлийн байгууллагын оролцоо, мэргэжлийн хүний нөөцийг дэмжих асуудлыг тусгасан. Үүнд хуулийн 28, 29, 30-р зүйлд тодорхой зааж өгсөн. Өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны бүтцийг зөвхөн төрийн байгууллагын хүрээнд томьёолдог байсан бол хуулийн шинэчлэлээр үүн дээр нэмээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хүний нөөц бэлтгэдэг их дээд сургууль, сургалтын төв, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага, лаборатори, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сэргээн засах төв, мэргэжлийн холбоодлыг багтааснаараа онцлог.  Түүнчлэн ХАБЭМ-ийн мэргэжилтний нийтлэг эрх, үүргийг тодорхой болгож, олон улсын жишигт нийцүүлэн зохицуулж байна.

-Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгаас гадна өөр ямар ажил хийгдэж байгаа вэ?

-2025 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хоёр шинэ техникийн зохицуулалт боловсруулах ажил тусгагдсан. Нэгдүгээрт, Ажлын байран дахь асбестийн өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалтын төсөл. Асбест нь хортой эрдэс бөгөөд дулааны цахилгаан станц, дулаан дамжуулах шугам, барилгын материалд хэрэглэгддэг. Хэдийгээр үйлдвэрийн хувьд ашигтай шинж чанартай боловч маш нарийн ширхэгтэй тоос ялгаруулдаг ба энэ хүнд уушгины хавдар үүсгэдэг. Манай улсад 1994–2013 онд асбестийн шалтгаант мезотелиома хавдрын 94 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Иймээс ажлын байрандаа асбестийн тоосонцорт өртдөг ажилтнуудыг асбестийн шалтгаант уушгины хавдар, гялтангийн хавдар (мезотелиома) зэрэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд мөрдөх зохицуулалттай болох нь нэн чухал юм.

Хоёрдугаарт, Хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны техникийн зохицуулалтын төсөл. Хязгаарлагдмал орчин гэдэг нь агааржилт муу, орц гарц багатай, ажиллахад зориулагдаагүй орчныг хэлдэг. Үүнд худаг, траншейн, шатахуун хадгалах том сав болон үйлдвэрийн доод талын зоорины хязгаарлагдмал жижиг талбай зэрэг орно. Эдгээр орчинд хүчилтөрөгчийн дутагдал, хорт хий хуримтлагдах эрсдэл өндөр байдаг.

2023–2025 онд хязгаарлагдмал орчинтой холбоотой үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 127 тохиолдол бүртгэгдсэн. Иймд хязгаарлагдмал орчинтой холбоотой хурц хордлогоос урьдчилан сэргийлэх зохицуулалт, ажил гүйцэтгэхтэй холбоотой үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх заавал дагаж мөрдөх техникийн зохицуулалт шаардлагатай байгаа юм.  

Эдгээр техникийн зохицуулалтыг боловсруулж, санал авч байгаа бөгөөд энэ онд Засгийн газрын тогтоолоор батлуулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.