Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?
1 Өдрийн өмнө
69
Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намууны эсээг толилуулж байна.

“Байгаль бол өвөг дээдсээс өвлөсөн өмч биш, харин үр хойчоос зээлсэн баялаг” хэмээх үг бий (НҮБ, Тогтвортой хөгжил). Энэхүү эшлэл Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Учир нь бид байгалийн баялгаа ашиглаж ирсэн ч түүний үр дагаврыг ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг хангалттай бодолцож чадсан эсэх нь өнөөдөр маргаантай асуудал хэвээр байна. Байгалийн баялаг арвинтай атлаа байгаль орчны доройтол нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар төдийлөн сайжрахгүй байгаа нь бодлого, хандлага, хэрэгжилтэд ноцтой алдаа байгааг харуулж байна. Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд ашигт малтмалын ихээхэн нөөцтэй орон юм. Нүүрс, зэс, алт, төмөр, газрын тос зэрэг стратегийн ач холбогдолтой баялаг нь манай улсын эдийн засгийн гол тулгуур болсоор ирсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг.

Энэ нь эдийн засгийг богино хугацаанд дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаас нэг салбараас хэт хамааралтай, эмзэг бүтэцтэй байгааг илтгэнэ. Ашигт малтмалын үнэ унахад улсын төсөв, иргэдийн амьжиргаа шууд сөргөөр нөлөөлдөг нь үүний бодит жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, амьтан, ургамал нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ заалт нь байгалийн баялаг бол цөөн компанийн ашиг олох хэрэгсэл бус, нийт ард түмний өмч гэдгийг тодорхой илэрхийлдэг.

Гэсэн ч бодит байдал дээр байгалийн баялгийн үр өгөөж иргэдэд тэгш хүртээмжтэй хүрэхгүй, харин байгаль орчны хохирол орон нутгийн иргэдэд илүү хүндээр тусч байна. Зохистой ашиглалт гэдэг нь байгалийн баялгийг ашиглахгүй орхино гэсэн үг биш. Харин эдийн засгийн ашиг, байгаль орчны хамгаалал, нийгмийн ашиг сонирхлыг тэнцвэртэй уялдуулах ухаалаг бодлого юм. Өнөөдөр уул уурхайн олборлолтоос шалтгаалан газрын эвдрэл, усны нөөцийн багасалт, агаарын бохирдол нэмэгдэж байна. Ялангуяа говийн бүс нутагт ус ашиглалтын асуудал хурцаар тавигдаж, малчдын уламжлалт амьдралд бодит аюул учруулж байгаа нь анхаарал татна.

“Алдаагүй хүн гэж үгүй, алдаанаасаа сургамж авдаггүй хүн л байдаг” гэсэн зүйр үг бий. Монгол Улс байгалийн баялгаа ашиглах явцдаа олон алдаа гаргасан. Зарим уурхай нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон, зарим бүс нутагт байгаль эргэн сэргэх боломжгүй хэмжээнд хүрсэн жишээ ч бий. Гэвч эдгээр алдаа бидэнд үнэтэй сургамж өгч байна. Хэрвээ бид өнгөрсөн алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж чадвал тэр алдаа өөрөө амжилтад хүрэх шат болж чадна. Байгалийн баялгийг зохистой ашиглахад төрийн бодлого шийдвэрлэх үүрэгтэй. Төр богино хугацааны ашиг сонирхолд автах бус, урт хугацааны тогтвортой хөгжлийг зорилгоо болгох ёстой. Байгалийн баялгийн орлогоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновацад хөрөнгө оруулбал ирээдүйд бодит өгөөж бий болно. Зарим улс байгалийн баялгийн орлогоо тусгай санд хуримтлуулж, ирээдүй үеийн хэрэгцээнд зориулдаг сайн туршлагатай.

Манай улсад ч ийм бодлогыг ил тод, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч Монгол Улсад байгалийн баялгийг зохистой ашиглахад өнөөдөр хамгийн их дутагдаж буй зүйл бол бодлого хэрэгжих бодит механизм, хяналт, хариуцлагын тогтолцоо юм. Хууль, журам цаасан дээр хангалттай мэт боловч бодит амьдрал дээр хэрэгжилт сул, зөрчил гаргасан этгээдүүдэд ногдуулах хариуцлага хангалттай биш хэвээр байна. Зарим уул уурхайн компани байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй ч хариуцлагаас амархан мултарч, нөхөн сэргээлт нэрийн дор формаль арга хэмжээ авч өнгөрөх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Мөн ил тод байдал дутмаг байгаа нь иргэдийн итгэлийг алдагдуулж байна.

Байгалийн баялгаас олсон орлого хаашаа, юунд зарцуулагдаж байгааг олон нийт тодорхой мэдэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь авлига, шударга бус байдлыг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн иргэдийн оролцоо хангалтгүй байна. Орон нутгийн иргэд өөрсдийн амьдарч буй бүс нутагт ямар үйл ажиллагаа явагдаж байгааг шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чаддаггүй нь бодлогын томоохон дутагдал юм. Иймээс хууль батлахаас гадна түүнийг чанд мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх нь байгалийн баялгийг зохистой ашиглахад зайлшгүй шаардлагатай гэж би үздэг.

Байгалийн баялгийг зохистой ашиглах асуудал нь нийгмийн шударга ёс, хүний эрхтэй шууд холбоотой. Уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа доройтох тохиолдол бодитой ажиглагддаг. Тоосжилт, усны бохирдол, бэлчээрийн доройтол нь орон нутгийн иргэдийг хот руу шилжихэд хүргэж, нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна. “Баян орон ядуу иргэдтэй байх ёсгүй” гэдэг. Гэвч бодит байдал дээр байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь авлига, буруу бодлогоос болж иргэд нь баялгийн үр шимийг хүртэж чаддаггүй. Үүнийг эдийн засгийн онолд “баялгийн хараал” гэж нэрлэдэг. Монгол Улс ч ийм эрсдэлтэй нүүр тулж байгаа тул алдаагаа давтахгүй байх нь нэн чухал. Энэ асуудлыг шийдвэрлэхэд боловсрол, иргэдийн ухамсар асар чухал.

Миний хувьд байгалийн баялгийг зохистой ашиглах асуудал бол зүгээр нэг бодлогын баримт бичиг, хууль дүрмийн тухай сэдэв биш, харин миний ирээдүй, миний амьдрах орчны тухай асуудал юм. Хэрвээ бид өнөөдөр ашиг орлогын төлөө байгалиа хайр найргүй ашигласаар байвал маргааш би, миний үеийнхэн, миний үр хүүхдүүд сүйрсэн байгальтай нүүр тулах вий гэсэн айдас надад төрдөг. Ус нь ширгэж, бэлчээр нь доройтож, агаар нь бохирдсон эх оронд амьдрах ирээдүйг би хүсэхгүй байна. Заримдаа “энэ бол томчуудын, төр засгийн асуудал” гэж бодох нь амархан. Гэвч би ингэж бодох нь өөрөө хамгийн том алдаа гэж үздэг. Учир нь өнөөдрийн шийдвэрүүд маргаашийн миний амьдралыг тодорхойлно.

Хэрвээ бид байгалийн баялгийг ухаалгаар ашиглахгүй бол ирээдүйд эдийн засгийн ашиг ч үгүй, эрүүл орчин ч үгүй хоосон нутаг л үлдэнэ. Би ирээдүйд байгалийн сүйрлийг хүлээж авах бус, харин байгальтайгаа зохицон амьдарч буй Монголыг харахыг хүсдэг. Тиймээс миний бодлоор байгалийн баялгийг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг бус, иргэн бүрийн ухамсрын асуудал юм. Өнөөдөр бид жижиг мэт санагдах буруу сонголтуудыг хийсээр байвал маргааш түүнийхээ үр дагаврыг зайлшгүй амсана. Харин одоогоос зөв бодлого, зөв хандлага, зөв ухамсрыг сонгож чадвал байгалийн баялаг маань хараал биш, харин ирээдүйн боломж болж чадна. Би ирээдүйд “яагаад бид тухайн үед анхаараагүй юм бол” гэж харамсахыг хүсэхгүй. Харин “бид алдаагаа ойлгож, засаж чадсан” гэж хэлэх Монголд амьдрахыг хүсэж байна. Энэ бол миний итгэл, миний сонголт, миний ирээдүйн төлөөх байр суурь юм. Байгалийн баялгийг зөв ашиглах, хамгаалах ойлголтыг бага наснаас нь төлөвшүүлбэл ирээдүйд хариуцлагатай иргэн бий болно. Мөн орчин үеийн технологийг ашиглан байгальд ээлтэй олборлолт, нөхөн сэргээлтийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын жинхэнэ баялаг бол зөвхөн газрын доорх нөөц биш, харин түүнийг ухаалгаар ашиглаж чаддаг ухамсартай иргэд, зөв бодлого, шударга тогтолцоо юм. Хэрвээ бид байгалийн баялгаа зохистой ашиглаж чадвал өнөөдрийн ашиг төдийгүй маргаашийн баталгаа болно. Тиймээс байгалийн баялгийг зохистой ашиглах нь сонголт биш, үе үеийн өмнө хүлээсэн хариуцлага гэж би итгэдэг. Харин үл хайхран, алдаагаа давтсаар байвал ирээдүй үе маань биднийг уучлахгүй. Иймд төр засаг ил тод, хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшил байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, иргэн бүр байгаль хамгаалах ухамсраа дээшлүүлэх цаг аль хэдийн иржээ.

“Нэг хүний жижиг үйлдэл үнэ цэнгүй мэт боловч олон хүний нэгдсэн ухамсар том өөрчлөлтийг бий болгодог. Тиймээс өнөөдрөөс эхлэн байгалийн баялгийг хайрлан хамгаалах, зөв ашиглах үйлсэд би ч, та ч оролцох ёстой. Ирээдүй хойч үедээ цөлжсөн нутаг бус, сэргэн амилсан байгаль, зөрчил бус шударга тогтолцоо, ядуурал бус боломж үлдээхийн төлөө хамтдаа сонголтоо зөв хийцгээе. Энэ бол сонголт төдий зүйл биш, харин Монгол хүний ухамсар, эх оронч үүрэг юм. Өнөөдөр бид шийдвэр гаргахгүй бол маргааш хэтэрхий оройтсон байх болно. Тиймээс байгалийн баялгаа зохистой ашиглахын төлөө яг одоогоос хамтдаа алхъя.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.