Уул уурхайд төрийн оролцоо нэмэгдэх тусам хулгайн хэмжээ томорно
5 Өдрийн өмнө
508
Уул уурхайд төрийн оролцоо нэмэгдэх тусам хулгайн хэмжээ томорно
Төр уул уурхай, эрчим хүчний салбарт өөрийн үүсгэн байгуулсан, хувьцааг нь эзэмшдэг компани, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газраа нарийвчлан тоолж, нэгдсэн статистик гаргаж чадахгүй болтлоо томорсон байна. Тал талд зөрүүтэй тоонууд холбогдох газрууд нь танилцуулж, бусдын толгой эргүүлнэ. Дотор нь ажилладаг хүмүүс хүртэл өөрсдөө энэ дунд төөрөлдөх хэмжээнд ирсэн гэдгийг дээрх байдал харуулна. Ийм зам руу ортлоо төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдаж, хувийн хэвшлийн хамгийн том өрсөлдөгч, саад тээг нь болжээ.
 
Өнгөрсөн жилүүдэд төр эдийн засгийн "гол тоглогч"-оор нэрлэгдэж, ДНБ-ий өсөлтийг тодорхойлох хэмжээнд нөлөө бүхий болж, давуу эрх эдэлсэн байна. Улсын төсөв энэ хэрээр тэлсэн гэсэн үг. Төрийн оролцоо эдийн засагт, тэр тусмаа уул уурхайн салбарт улам гүнзгийрч, тодорхой бус байдлыг тэр хэрээр бий болгосон байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх замаар төр уул уурхайд өөрийн эрхшээлээ хүчээр тогтоох гэж оролдож байна. Хувийн хэвшлээ үгүйсгэн, бусдын өмч хөрөнгийг булаан авч, Үндсэн хуультайгаа тэрсэлдэх төр, түшмэл хоёрыг бий болгосон байна. Төрийн нэрээр бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагаа илүү ихээр эрчимжсэн байна.
 
Ковидоос хойш төрийн өмчит компаниудын нөлөө уул уурхайд улам тэлж, эзлэх хувь хэмжээ нь үлэмж нэмэгдэв. Эрдэс баялгийн салбарт төрийн өмчит компаниуд дангаар ноёрхох үзэл суртлыг улстөрчид хамгийн ихээр сайшаан дэмжиж, Орос маягийн төрийн өмчийн бизнес загвар хүчээ авч байна. Улстөрчид төр, ард түмний нэр нүүр барин, эрх мэдлээрээ далайлган уул уурхайд ойртож, өөрийн нөлөөг тогтоож, "нүүрсний хулгай"-н дараа дараагийн анги үргэлжлэн гарах болзол, нөхцөлийг бүрдүүлж өгч байна.
 
Уул уурхайд төрийн оролцоо нэмэгдэх тусам хулгайн хэмжээ томорно. Үүнийг бид "нүүрсний хулгай"-гаас мэдэж авч байна.
Төсвийн их тэлэлтээс анзаарч бас болохоор байна. Төрийн өмчит компаниудын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн өндөр дүнтэй тендерүүд, борлуулалтын оффтейк гэрээ нь хэлж өгч байна. Хувийн хэвшил бус төр хамгийн их мөнгийг эргэлдүүлж, өөрийн өмч хөрөнгө, мөнгөө хянах, тоолох, удирдах аргагүй болтлоо бодит байдлаас холдон тасарч байна. Муу менежментийн уршгаар компаниудын үйл ажиллагаа нь доголдож, ашиг буурч, өрийн дарамтад орж эхэлж байна. Хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдал алдагдаж, байгаль орчны нөхөн сэргээлт орхигдож, ажилтны эрх ашиг нь зөрчигдөж байна.
 
Дарга нар бүхнийг мэддэг болсон байна. Нэр төдий Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж байна. Компанийн сайн засаглал хэлбэр болж, олон улсын стандартаар төрийн мэдлийн компаниуд хоорондоо өрсөлддөг боллоо. Гоёл зүүсгэл нь боллоо. Төр уул уурхайд өөрийн оролцоогоо хязгаарлах бус хадгалж, бүр нэмж эхэлсэн нь тэнд хулгай гаарах, авлига нэвчих, хөрөнгө оруулалт үргэх, улс төрийн томилгоо үргэлжлэх, ашигт ажиллагаа буурах, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа хумигдах, бизнесээ алдах, чөлөөт зах зээл алдран арчигдах эрсдэлийг бий болгож эхэлсэн байна.
 
2000 оны дундуур төсвийн орлого ярихад "Эрдэнэт" л гэж улстөрчид хэлдэг, хэлэлцдэг байлаа. Тэр үед "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" нь байсангүй. "Эрдэнэс Монгол"-оос төрүүлж гаргасан олон, олон "Эрдэнэс"-үүд нь байсангүй. Харин өнөөдөр "Эрдэнэс Монгол" болон "Эрчис Монгол"-ын эгнээн дор төр уул уурхайд эзэн сууж, дахиад эгнээ сунгах, илүү олныг өөртөө хураан нэгтгэхээр ханцуй шамлаж байна.
 
Уул уурхайн салбарт хувийн хэвшлүүд үйл ажиллагаагаа тэлэх бус харин шахагдан нүд үзүүрлэгдэж, гадаад зах зээлээс бус улс доторх улс төрийн эрсдэлээс болж зогсох дээрээ тулж байна. Төрийн оролцоо тус салбарт ковидоос хойш эрчимжсэн нь хөрөнгө оруулагчдыг зай барихад хүргэж, хувийн хэвшлүүд ажилгүй суухад хүргэж байна. Уурхайчид орлогогүй, олон гэр бүл амь амьдралаа алдахад хүргэхээр байна.
 
Хөрөнгө оруулагчид төртэй л бизнес ярих, дарга нартай холбоо тогтоох, тэдэнд ая тал олох гэж зүдэрч байна. Улс төрийн намын нөлөө хүртэл энд орж байна. Угтаа Монголын хувийн хэвшилтэй, аль нэгэн аж ахуйн нэгжтэй нь хөрөнгө оруулагчид түншлэл тогтоох, бизнесийн яриа хэлэлцээ хийх учиртай юм. Энэ бол эрүүл тогтолцоо, хөгжсөн улс, нийгмийн явдаг зам. Гэвч төр уул уурхайд бүхнийг мэдэх, бүгдийг захирах "хаан" болж хувирснаар салбарын тогтвортой хөгжил, алс ирээдүй нь бүрхэг болж эхэлж байна.
 
Засгийн газрын уул уурхайн бизнес дэх оролцоо, тэр тусмаа Ерөнхий сайдын шууд эрх мэдэл бүхий нөлөө бүгдийг шинээр угсрах, өөрчлөн байгуулах хэмжээнд авчирч байна. Энэ чигээр явуул тун удахгүй бид илүү их дүнтэй баялгийн хулгайн талаар нийтээрээ ярих, талцах, нийгмээрээ хэрэлдэх, хэлэлцэх өдрүүдтэй золгохоор байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.