2026 оны мөнгөний бодлогын гүн рүү орцгооё...
2026 оны мөнгөний бодлогын гүн рүү орцгооё...

Мөнгөний бодлогын ирэх жилийн “замын зураг” гарлаа. Монголбанк 2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ парламент руу өргөн мэдүүлж, УИХ-ын даргад атгуулсан. Тэд одоо боловсруулсан төслөө хамгаалах, тайлбарлах, ойлгуулах, улстөрчдийн өмнө дуудагдах өдрүүдэд ирлээ. Намын бүлэг, байнгын хороо, нэгдсэн чуулган гээд “давааны цаана даваа” угтана.

Намрын чуулган үргэлжлэх 10, 11 дүгээр сар бол төсөв, мөнгөний бодлогоор парламент амьсгалж, гишүүдийн зарим нь зээлийн хүү, доллар ярьж гэнэт хэлд ордог гэхэд хилсдэхгүй. Угтаа тэд ногоон доллар бус үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн үнэ цэн, түүний өнөөдрийн худалдан авах чадварыг дэнслэх ёстой юм. Зээлийн хүү өндөр байгаа учир шалтгааныг төв банкнаас бус Засгийн газраас, Ерөнхий сайдаасаа, парламент өөрөөсөө асуух учиртай юм. Ингээд 2026 оны "мөнгөний бодлого"-ын гүн рүү хамт орцгооё.

Эдийн засгийн "эрүүл мэнд"-ийг оношлоод төв банк тогтвортой байдлыг нэн тэргүүнд чухалчлан авч үзжээ. Ирэх жил өндөр өсөлт эсвэл их хямрал, хүндрэлийг тэд зөгнөсөнгүй. Эндээс харахад, эдийн засгийн ерөнхий ноён нуруу нь муугүй л байх юм байна.  Гадаад орчны тодорхой бус байдал, олон улсын худалдааны маргаан, тарифын дайн шинэ сорилт, бэрхшээлийг улс орнуудад харилцан адилгүй авчирсан. Эдийн засаг ковидоос хойш алгуур сэргэн, харьцангуй тогтворжоод байгаа боловч гадаад ертөнц таамаглах аргагүй манан дунд байна. Энэ оны эхний хагаст манай улсын эдийн засаг 5.6 хувиар өссөний талаас илүү хувийг хөдөө аж ахуйн салбарын сэргэлт бүрдүүлсэн. Уул уурхайн өсөлт харин саарсан.

Инфляц руу мөнгөний бодлого онилж ажилладаг. Энэ зорилт 2026 онд хэвээр үргэлжлэх бөгөөд иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд аргамжих юм байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар үндсэн чиглэлд оруулж иржээ. Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлсон. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг тогтворжуулах бодлогыг Монголбанк хэрэгжүүлж буй.

Инфляцыг нам түвшинд "хадгалах" нь иргэдийн бодит орлого, хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, банк санхүүгийн тогтолцооны тэнцвэрийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Монголбанк бодлогын хүүг өөрчилснөөр санхүүгийн зах зээлийн хүү, мөнгө, зээлийн эрэлт, нийлүүлэлтэд, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгийн үнэ, хүлээлт, валютын ханш, дотоод эрэлтэд нөлөөлөх замаар инфляц, түүний хүлээлтийг тогтворжуулахад оролцож нөлөөлж байдаг. 

Төв банкууд инфляцыг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтуудыг тэнцвэржүүлэх хүндхэн даваатай хаа сайгүй тулгарч байна. Манай улс үүнийг тойрч гараагүй, харин дайран өнгөрч буй. 

Банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд төв банкууд анхаарч эхэлсэн. Үүний нэгэн адил Монголбанк мөнгөний бодлогоор дамжуулан банк давамгайлсан санхүүгийн зах зээлд гол анхаарлаа хандуулж байна. Банкны тогтолцоо нурж болохгүй систем. Тиймээс банкны "зүрхний цохилт"-ыг байнга л хянаж, шалгаж байхаас аргагүй юм. Мөнгөний бодлогын шинэ төсөлд банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай байдлаар төрөлжүүлнэ гэж онцолсон байна.

Монголбанк өөрийн хөрөнгийн болон хөрвөх чадварын хүрэлцээг банкны хүлээгдэж буй эрсдэлийн түвшинтэй уялдуулан тодорхойлох үнэлгээний аргачлалууд, холбогдох зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд нэвтрүүлсэн. Цаашид эдгээр аргачлал, зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсэж буй хүндрэл дутагдлыг арилгах, банкуудад мөрдөж ирсэн бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, хууль тогтоомж, журам, зөвлөмжтэй уялдуулж боловсронгуй болгох шаардлага үүсжээ. Эдгээрт үндэслэн өөрийн хөрөнгийн болон хөрвөх чадварын шаардлагын хувь хэмжээг олон улсын стандарттай нийцүүлж, банкуудад нөөц өөрийн хөрөнгийг бүрдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Ирэх жилийн мөнгөний бодлого дотор онцгой санагдах шинэ бүтээгдэхүүн бий. Тэр нь “Стэйблкойн”. Үүнийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг Монголбанк судалж эхэлсэн бөгөөд олон улсын жишгээр хөгжүүлж, туршилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 

Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанк зарлачихлаа. Энэ хүрээнд олон жил яригдсан активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. Чанаргүй зээлийг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, актив удирдлагын компани хүртэл байгуулахаар 2019 онд төв банк ажиллаж байсан. Тухайн үед хуулийн төслийг боловсруулах ажил эрчимжиж байсан. Гэвч сонгууль ойртоод удааширсан.  Тэгвэл 2026 оны мөнгөний бодлогын төсөлд активын удирдлага эргэн ирлээ. Мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчны судалгаа хийх юм байна. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.