Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Ховд аймагт болно
2 Өдрийн өмнө
416
Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Ховд аймагт болно

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас санаачлан уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Баруун бүс буюу Ховд аймагт 2025 оны 6 дугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах гэж байна.

Өмнө нь тус арга хэмжээг Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо зохион байгуулж байсан.

"Хариуцлагатай уул уурхай" чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.

Чуулга, уулзалтанд баруун бүсэд хамаарагдах Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудад хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Бүсийн чуулга уулзалтын зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна. Арга хэмжээг дэмжигчээр Халзан Бүрэгтэй төсөл, Хан Алтай ресурс, МоЭнКо ХХК нэгджээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.