Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон зохион байгуулдаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо есдүгээр сарын 12, 13-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.
Чуулга, уулзалтад Хойд бүсэд хамаарах Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.
Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй. Арга хэмжээг санхүүжүүлэгч, дэмжигч байгууллагаар Платинум Ланд ХХК, Хургатай хайрхан, Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл ажиллаж байна.