-Саяхан Монгол Улсад COP17 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Таны хувьд ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс дэлхийн хэмжээний хурал, арга хэмжээнд сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож ирсэн. Өөрсдөө ч том агуулга бүхий олон улсын нэр хүндтэй ийм хурлыг хүлээн авч зохион байгуулсан нь бас нэг дэвшил мөн.
Хурлаас бодит, амьдралд хэрэгжих, хөрсөн дээр буусан ямар шийдвэр гарав, түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, ямар байгууллага хэрэгжилтийг хэрхэн тууштай хангаж авч явах вэ гэдэг нь үр дүнг илтгэнэ.
Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын бага хурал 2015 онд зохион байгуулагдаж, 2016 онд дэлхийн 190 гаруй орон хүлээн зөвшөөрч хэлэлцээрт нэгдэн орсон. Түүний дотор Монгол Улс маань байгаа. Тэр байтугай манай улс хүлэмжийн хий ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ ч үүднээс Ерөнхийлөгчийн зүгээс Тэрбум модны хөтөлбөрийг орон даяар зарласан.
Гэтэл бид Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтад маань ямар ахиц дэвшил гарсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээний шууд болон дам нөлөө, гарах үр дүнг сайтар тооцож, хамгийн өндөр өгөөжтэй чиглэлүүдийг зөв эрэмбэлэн, түүнд тулгуурласан төрийн цогц бодлогыг боловсруулж, эрчимтэй хэрэгжүүлэх нь туйлын чухал байна.
-Та төрийн цогц бодлого гэж хэллээ. Тухайлбал ямар салбарт, ямар бодлого баримтлах талаараа тодруулж өгнө үү.
-Миний хувьд бол эрчим хүч, нефть бүтээгдэхүүний хангамж, усны талаарх бодлогууд дээр төр суурь, реформын шинжтэй бодлого боловсруулах хэрэгтэй гэж хардаг.
-Тодруулбал?
-Эрчим хүч гэдэг бол аливаа хөгжлийн үндэс гэж хэлж болно. Өнөөдөр, 21-р зуунд гэхэд л хар утаа олгойдуулсан илчит тэрэг Монгол орноор хөндлөн гулд явсан хэвээрээ л байна. Манай улс чинь эрчим хүчний эх үүсвэрийн түүхий эдээрээ, тухайлбал нар, салхи, нүүрсээрээ дэлхийд толгой цохихоор нөөцтэй улс.
Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрээ шийдвэрлэж чадаагүй болохоор цахилгаан тасрах нь олширч, сүүлийн үед ард иргэд маань бараг л хэвийн үзэгдэл мэт эвлэрч байх шиг байна. Хүйтэн сэрүүний улирал наашилж байна. Өнөө утааны асуудал дахиад л босож ирнэ. Эрчим хүч доголдохоор агаар бохирдуулах уламжлалт түлшний хэрэглээ улам л нэмэгдэнэ.
Тийм болохоор эрчим хүчний салбарт байгаа элдэв зөвшөөрөл, техникийн нөхцөл зэрэг хүнд суртал, авлигын эх үүсвэрийг алга болгож либералчлах, зах зээлийн горимд нь оруулах, үнэ тариф буурахуйц өрсөлдөөн бий болох хөшүүрэг бүхий эрх зүйн орчноо зоригтой өөрчлөх хэрэгтэй байна.
Тухайлбал цахилгаан станцын тоног төхөөрөмжийг зөвхөн гаалийн татвараас одоогийн хуулиар чөлөөлж байна. Миний санал бол зөвхөн тоног төхөөрөмж гэлгүй шинээр баригдах цахилгаан станцын төмөр хийц, бусад материал, шугам сүлжээний тоноглол зэргийг бүгдийг нь гааль, НӨАТ-аас нь чөлөөлөх хэрэгтэй.
Тэр байтугай ашиглалтад орох цахилгаан станцуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нь эхний гурван жил чөлөөлах хэрэгтэй. Ингэвэл хөрөнгө оруулалт орж ирнэ, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ, шугам сүлжээ сайжирна, үнэ тариф буурна, эцсийн дүндээ утаа униар багасаж, уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлнэ.
Засгийн Газар 8 дугаар сарын сүүлийн хуралдаанаараа сэргээгдэх эрчим хүчний тоноглол болон цахилгаан машины гааль, онцгой албан татварыг чөлөөлөхөөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байх шиг байна. Энэ маш зөв. Зөвхөн цахилгаан машин гэлтгүй цахилгаанаар ажиллах бүхий л механизмыг хамруулмаар байна. НӨАТ-ыг ч чөлөөлчих хэрэгтэй. Ингэснээр түлш шатахууны хомсдолтой энэ үед аж ахуйн нэгжүүдийн өртөг зардал болон нефть бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд, улс орны хэмжээнд буурах нь дамжиггүй, тэр хэмжээгээр гадагшаа чиглэсэн валютын урсгал хязгаарлагдах ба эцсийн дүндээ нөгөө л агаар мандалд тархаж буй CO2 багасах, улмаар олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хангахад бодитой нөлөө үзүүлэх юм.
-Уур амьсгалын өөрчлөлтөд нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал хэрхэн холбогдох билээ?
-Дэлхий даяар геополитикийн байдал туйлын тогтворгүй байна. Үүний нөлөө, сүүдэр манай эдийн засагт ч тэр, ард иргэдэд ч тэр мэдрэгдээд эхэлчихлээ. Сайд дарга нар маань хойд, урд хөрш рүүгээ түлш шатахууны гуйлганд царай алдан явдаг, ард иргэд маань хонон өнжин очерт зогсдог ажилтай болсон.
Түлш шатахууныхаа хараат байдлаас гарах боломж байсан уу гэвэл бидэнд бүрэн дүүрэн байсан. Манай төр үүнийг хийсэнгүй, төрийн бодлого ч байсангүй.
Одоо нэг нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа боловч мөн ч олон жилийн нүүр үзэж, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд байгаа тухай л яриад байх юм.
Нөгөөтэйгүүр түүхий эдийн асуудал нь тун эргэлзээтэй байгаа. МАК-ийн зүгээс Газрын тосны хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай хийх, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон жилийн турш төр засгийн удирдлагууд, Их хурал, Засгийн гарын гишүүдэд тодорхой, бодитой санал боловсруулан мөн ч их ярьж, хэлж, хүргүүлж ирсэн дээ.
Тухайн үедээ бүгд л супер, дуперыг нь гайхдаг, даанч хэрэгжиж байгаа юм алга. Ганц жишээ дурдъя. Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршилтай ойролцоо Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын Засгийн Газраас нийтдээ 138.6 мян.км2 талбайд газрын тосны хайгуулын 13 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.
Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг БНХАУ, Хонгконг, Австрали, Швейцар, Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.
Газрын тосны эдгээр хайгуулын талбайнууд нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн бүсэд байрладаг. Тухайлбал Улаанбаатар-Замын-үүд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам сүлжээ, мөн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур-Өндөрхаан болон Сайншанд-Зүүнбаян-Айлбаян чиглэлийн 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудын дийлэнх хэсэг нь дээрх талбай дээгүүр дайран өнгөрдөг.
Төрөөс ганц нэг эрхзүйн өөрчлөлтийн арга хэмжээ авахад л энэ хайгуулын ажил сэргэх боломжтой. Тэр нь юу вэ гэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн байршилтай ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь шинээр тогтоосон нөөц, түүн дээр тулгуурлан олборлосон түүхий тосыг зуун хувь шинээр баригдах үйлдвэрт нийлүүлэхээр Засгийн Газар гэрээ байгуулах.
Харин Засгийн Газрын зүгээс Гэрээ байгуулсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй өмнө нь байгуулсан Бүтээгдэхүүн Хуваах Гэрээг цуцалж, харьцангуй хөнгөвчилсөн нөхцөлтэйгөөр дахин байгуулах л асуудал байгаа юм.
Ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулчих юм бол хайгуулын ажил эрчимжинэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт буурна, газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдээр хангагдах магадлал нэмэгдэнэ.
Эцэст нь Монгол Улс газрын тосны хараат байдлаас ангижирч, эдийн засгийн үзүүлэлтэд бодитой эерэг нөлөө гарна. Хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ. Бүтээгдэхүүний өөрийн өртөг буурна. Төмөр замын ачаа эргэлт сайжирна гэх зэргээр маш олон эерэг өөрчлөлтүүд гарна.
Энэ нь том зургаараа бол дотооддоо нефть бүтээгдэхүүний хангамжаа шийдвэрлэх нь эрчим хүчний шилжилтийн стратегийн дэд бүтэц буюу уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах суурь нөхцөл болж өгнө гэдгээр нь харах ёстой.
Дашрамд хууль эрх зүйн орчинд байгаа бас нэг гажуудлыг энд дурдахгүй байж болохгүй нь.
Газрын тосны тухай хуулинд “уламжлалт бус газрын тос” гэх нэр томьёо байх бөгөөд хайгуул, ашиглалтынх нь үйл ажиллагааг уг хуулиар зохицуулахаар, тэр бүү хэл “бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулахаар тусгасан байгаа.
Гэтэл “уламжлалт бус газрын тос” гэгдээд байгаа шатдаг занар нь хатуу төлөвт орших, тунамал чулуулаг бөгөөд газрын хэвлийдээ нүүрснийхээ үе давхаргын завсараар сөөлжих байдлаар үүссэн байдаг. Уг нь шатдаг занарын хайгуул олборлолтыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг байсан чинь 2014 онд Газрын тосны тухай хууль руу оруулчихсан.
Одоо бодит амьдрал дээр ямар байна вэ гэхээр нүүрсний олборлолтод өртөж байгаа занараа шууд л овоолго руугаа хаяж байна. Нөгөөх нь агаар мандалд гараад исэлдээд, чанараа алдаад, дээр нь хөрстэйгээ холилдож бохирдоод, хэрэг нь гарах үед боловсруулалтад оруулах ямар ч боломжгүй л болж байна. Хайран баялаг байгаа биз.
Газрын хэвлийн нэг орон зайд байгаа ашигт малтмалыг ашиглуулах тусгай зөвшөөрлийг эрхзүйн хоёр өөр актаар олгодог жишиг манайхаас өөр оронд бараг л байдаггүй. Байгалийн баялгийг бүрэн дүүрэн, сорчлохгүйгээр ашиглах Үндсэн хуулийн үзэл баримтлал, Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд бүгд зөрчигдөөд л, мартагдаад л байж байна. Ядаж ийм юмнуудаа хуулиндаа засаж залруулаад явчихмаар байна.
-Та түрүүн нэрлэсэн цогц бодлого гэдэгтээ усны асуудлыг оруулсан байсан?
-Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “тэрбум модны хөтөлбөр” бол НҮБ-ын индэр дээрээс зарлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, иргэд эрвийх дэрвийхээр л мод тарьж ургуулахыг хичээж байна. Гэхдээ мод ургуулахын тулд ус хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр манай эдийн засгийг түүчээлэх гол аж үйлдвэржилт өмнийн говь руугаа чиглэж байна. АНУ-ын Техас муж гэхэд байгаль цаг агаарын нөхцөл манай говьтой их төстэй. Тэнд газрын гүний усыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглодог. Тийм ч учраас үйлдвэрлэлийн усаа Колорадо мужийн Rocky Mountain орчмын урсац голоос хоолойгоор татдаг юм билээ. Манайд ийм боломж байгаа юу гэвэл бий. Газрын гүний усаа маш хэмнэлттэй ашиглах, дээр нь нөхөн сэргээх бодлого гаргаж хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх ёстой гэж би боддог.
Ер нь хүн төрөлхтний өмнө ирээдүйд тулгарах томоохон асуудал бол усны асуудал байх магадлалтай. Усны урсгалын тодорхой хэсгийг байгаль орчны балансад нөлөөлөх хэмжээнд нь хүргэхгүйгээр, мөн олон улсын конвенци, дүрэмд харшлахгүйгээр ашиглах нь Монгол Улсын төрийн бодлого байх ёстой.
Үүний тулд Орхон, Сэлэнгэ нийлэх тэр бэлчирт олон тооны худаг гаргаж, эхний ээлжинд Дархан хотыг, дараа нь Улаанбаатарыг, улмаар төмөр замынхаа трассын дагуу хоолойгоор говь руугаа явуулах хэрэгтэй. Хэдийгээр хөрөнгө оруулалт шаардлагатай ч гэсэн энэ бол ус хэрэглэсэн төлбөрөөсөө эргэн төлөгдөх боломжтой төсөл. Бүх амьд амьдрал усан дээр тогтдог учраас бид цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авч чадна. Тэрбум мод хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжнө.
Нөгөө талаар олон жил хэрэглэж ирсэн Хараа болон Туул голынхоо усны түвшин, экосистемийг тогтворжуулах, биологийн олон янз байдал нь сэргэх боломж, цаг хугацааг нь олгох нөхцөл бүрдэнэ.
-МАК компани байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд ямар шинэ төсөл хэрэгжүүлж байгаа вэ?
-МАК компани олеастер буюу зэрлэг олив модыг түүхий эд болгон ашиглаж, жилд 100 мянган тонн тогтвортой онгоцны түлш (SAF) үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд БНХАУ-ын мэргэжлийн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 23 мянган га талбайд 20 сая олеастер мод тариалан, жимс болон үрийг нь боловсруулж онгоцны түлш үйлдвэрлэх боломжтой. Энэхүү төсөл хэрэгжсэнээр уламжлалт онгоцны түлшний хэрэглээг тодорхой хэмжээгээр орлуулж, агаарын тээврийн салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 350 мянган тонн хүртэл бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа.
-Төсгөлд нь аливаа төсөл хэрэгжүүлэхэд олон бэрхшээл, хүндрэлтэй тулгардаг нь ойлгомжтой байх. Хамгийн түрүүн тулгардаг асуудал гэвэл Та юуг нэрлэх вэ?
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь газар ашиглалт, газар олголт, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх, тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл авахтай холбоотой олон шат дамжлагыг туулдаг.
Энэ нь төслийн хэрэгжилтийн хугацааг сунгах, өртгийг өсгөх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулах нөхцөл болдог.
Гэтэл гадны хөрөнгө оруулалттай, төсвийн санхүүжилттэй болон төрийн баталгаа гаргасан төслүүдэд тусгай хөнгөвчилсөн зохицуулалт үйлчилдэг. Одоо энэ баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр дээр гэхэд хэрэв Та бүхэн санаж байгаа бол байн байн Их хурлаар орж хуулийн заалтуудыг үйлчлэхгүй байхаар юм уу, эсвэл тухайлан тус үйлдвэрийн төсөл дээр хэрэгжихгүй байх зохицуулалтыг хийлгээд байгаа.
Ганц жишээ дурдахад МАК компани Чойбалсан хотоос Хавирга боомтын чиглэлд автозам барих гээд зураг төсөл хийлгээд, замын трассын дагуу 16 байрлалд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэхээр заавал тусгай зөвшөөрөл авах, түүний тулд хайгуул хийх, нөөц бодох, нөөцийг батлуулах, ТЭЗҮ, Байгаль орны үнэлгээ хийлгэх, газрыг нь орон нутгаас дуудлага худалдаагаар авах гэх зэрэг шат дамжлагыг дамжихаар байна.
Нөгөө талд улсын төсөв, Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр, эсхүл Засгийн газрын баталгаагаар хэрэгжих төслийн хувьд бол шууд олгох Засгийн Газрын тогтоолыг дагаж гарсан журмын зохицуулалт үйлчилж байна.
Ийм л өдөр шөнө шиг ялгамжтай орчин монголын бизнесийн салбарт үйлчилж байна даа.
Уг нь дээрх автозам ашиглалтад орчих юм бол зүүн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хавирга боомт хүртэл жилийн турш тасралтгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, тээврийн зардал буурах, экспортын нийлүүлэлт нэмэгдэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг эх үүсвэрээр улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, түүнчлэн баялгийн сан маань арвижих гээд олон талын ач холбогдолтой. Дор хаяж улсын чанартай зорчигч тээврийн автозамын элэгдэл буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.
Уг нь үүнийгээ төр, хувь гэлгүй тэгш үйлчлэхээр гаргачихмаар байгаа юм л даа. “Хувийн хэвшлийн төсөл”, “төрийн төсөл” гэсэн ялгавартай зарчим үйлчилж байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмжих биш хязгаарлаж, аж ахуйн нэгжүүддээ бизнесийн таатай орчин бүрдүүлнэ, өрсөлдөөний тэгш нөхцөлтэй болгоно гэх зэрэг сайхан сайхан зарлан тунхаглаад байдаг төрийн өөрийнх нь бодлоготой зөрчилддөг.
Иймд улсын эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжилтийн эх үүсвэр, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр, төслийн ач холбогдол, үр нөлөөг үндэслэн хамруулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл