Алтны үнэ унц нь 5000 ам.долларыг давж, дэлхий нийтээрээ түүний өсөлтийн өмнө уулга алдаж байна. Хөрөнгө оруулагчдын хүслийн жагсаалтыг тэргүүлэх шар металлын түүхэн хаанчлал зах зээлд хэдийнэ тогтжээ. Улс орны төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлсэн хэвээр. Харин бид улс дотроо алтаа мартсан уу гэлтэй анир чимээгүй сууна.
Монголбанкны алтны худалдан авалтын сар тутмын дүн мэдээгээр л алттай улс гэдгээ санах төдий. Бусдаар алт зах зээлээс арчигдсан мэт үл дурсагдана. Төрийн залгамж чанар бас энд алдагджээ. Засгийн газар "Алт-3" аяныг санаачилж, хэрэгжүүлэхээр хөдөлсөн. Аж ахуйн нэгжүүд ч царцсан төслүүдээ гэсгээх, алтны олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байлаа. Гэтэл "Алт-3" аян алга болсон уу гэлтэй сураг чимээ алдарч, аж ахуйн нэгжүүд араас нь эрэл сурал болж байна.
"Алт-3" аяны хүрээнд төв банкинд тушаагдах алтны хэмжээг жилд багадаа 8 тонноор тооцоолж, тэр хэрээр улсын валютын нөөц нэмэгдэх хүлээлттэй байлаа. Алтны зах зээлийн үнийн огцом өсөлтөөс улсаараа хүртэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх олон талын боломж, бололцоо харагдаж байлаа.
Гэвч засаг төрийн шийдвэр тодорхойгүй, алтны зах зээлээс ашиг, орлого хүлээх нь улам бүрхэг болж байна. Шар металлын зах зээлд урьд өмнө байгаагүй өндөр үнэ өдөр бүр шинэчлэгдэн тогтож, хөрөнгө оруулагчид алтны төслүүд рүү анхаарлаа хамгийн ихээр хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улс тоглолтоос гарч, үзэгчийн суудлаас зах зээлийг өөртөө итгэл муутайхан харж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хийх хугацаандаа алтны хайгуулыг дэмжих, олборлолтыг эрс нэмэгдүүлэх, "Урт нэртэй" хуульд хилсээр шахам орсон талбайг чөлөөлөх санаачилгыг улс орноо бодож гаргаж байсан. Улстөрчийн хувьд энэ нь түүнд оноо авчрах шийдвэр биш. Гэвч өөрт ирэх нэр хүндийн эрсдэлийг хүлээн байж алтны салбарт ахин сэргэх итгэл найдвар төрүүлсэн. Гэвч засаг төр солиогдож, шинэ сайдын мэдэлд "Алт-3" аян үлдсэн юм.
Г.Дамдинням сайдын жолоо цулбуурыг нь эмхлэн атгах Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам алтны салбараа арчлах, эсвэл хууль бусаар алт олборлогчдын мэдэлд шилжүүлэх сонголтын өмнө ирсэн байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх салбарын бодлого эс үйлдэх байдлаар хариуцлагагүй уул уурхайг өөгшүүлж болохгүй юм. Үүнд салбар хариуцсан сайдын эр зориг, эрдэм чадал хэрэг болно.