Нүүрсний үнэ 2023 оны VII сарын 01-нээс 2024 оны I сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны I сарын 01-нээс 2025 оны I сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий 31 гэрээний 6.83 сая тонн нүүрсний татан авалт хийгдээгүй, Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны XII сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна.
2025 оны II сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагч оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэх аж.